my blog

2010-10-25

А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг

Ангилал: Соёл урлаг

 Сүүлийн үед үзэгчид Солонгосын савангийн дууриас илүү “Тусгай салаа” кинонд уягдах болов. Тиймээс уншигчид та бүхнийг тус киноны уран бүтээлчидтэй уулзуулахыг зорилоо. “Тусгай салаа” киноны Сүлд бол аливаа зүйлийг мөнгөөр хэмждэг баян айлын хүүхэд. Харин амьдрал дээрх жүжигчин А.Алтанхуяг ямархуу хүн бэ гэдгийг та бүхэн сонирхож байна уу. Тэгвэл энэ тухай болон “Тусгай салаа” киноны талаар жүжигчин А.Алтанхуягтай ярилцлаа.

А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
-Таны тоглосон “Тусгай салаа” киног үзэгчид сайхан хүлээн авч байна. Энэ кинонд яагаад тоглох болов?
-Манай найз хэлсэн л дээ. “Олон ангит киноны проб авч байна. Чи очиж шалгуулаад үзээч” гэсэн. Тэгээд л Сүлдийн дүрд тэнцсэн.

-Кинон дээрх Сүлд, жүжигчин Алтанхуягаас хэр өөр хүн бэ?
-Сүлд бол миний дотор байгаа хүнээс тэс өөр. Тэр зовлон үзээгүй. Юм бүхэн нь бэлэн болохоор амьдрал нь утгагүй байгаа биз дээ. Харин жүжигчин Алтанхуяг бол ээж дүү хоёртойгоо амьдардаг. Амьдралаа болгочих юм сан, шударгаар хөдөлмөрлөж, хүнд тус болох юм сан гэж бодож явдаг залуу л даа.

-Та цэргийн алба хаасан уу?
-Хааж амжаагүй л байна.

-Гурван сар цэрэг байхад хэцүү байсан уу?
-Ер нь их сонирхолтой байсан. Цэргийн амьдралыг бусдын адил дарамт шахалттай ахлагч дарга нар нь байнга зодож нүддэг байх гэж боддог байлаа. Гэтэл очоод үзэхэд тэс өөр юм билээ. Шинэ цэрэг болоход их гоё байсан л даа. Эхэндээ алхаа гишгээг нь ч мэдэхгүй үзэж тарсан. Урьд нь цэргийн алба хаагаагүй минь тус болсон юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл тэр алхаа гишгээг нь мэддэг байсан бол мэдэхгүй дүр эсгэх гэж бас хэцүү байх байсан байх. (инээв)

-Ер нь их хөглөсөн үү. Хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Цэргийн ангид бид яг л шинэ цэрэг шиг байсан. Кинонд тоглож байгаа гэж бодож байсан ч ахмад, ахлагч нар нь тэгж хүлээж авдаггүй байлаа.  Жагсаал дээр хамаагүй инээж, ханиаж ч болохгүй хэцүү байсан. Цэргийн дүрэм гэдэг үнэхээр хатуу чанга байдаг гэдгийг мэдэрсэн л дээ. Бид тэр дүрмийг мэдэхгүй болохоор анхандаа энгэрийнхээ дэгээг мулталчихсан явж байгаад загнуулах жишээний олон асуудал гарч байсан. Сүүлдээ бид дүрмээ мэдээд яг л цэрэг болсон доо.

-Одоо киногоо үзэж байна уу, алдсан зүйл хэр ажиглагдаж байна даа?
-Олон ангит кинонд дэс дараалал алдагдах гээд байдаг. Яагаад гэвэл 17 дугаар ангийг авч байгаад гэнэт 52 дугаар ангийн зургийг авах тохиолдол гарна. Тэгэхээр жүжигчдийн хувьд сэтгэлзүйгээ маш их хянах хэрэгтэй. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан.

-Та өмнө нь “Сарны нулимс” кинонд тоглосон. Тэр бүтээлээс юугаараа онцлог байв?
-Тэр үед би оюутан байлаа. Харин жүжигчин мэргэжлийг эзэмшээд “Тусгай салаа” кинонд тоглолоо. Ер нь дүрээ их судалсан. Түвшин, Дэндэв бид гурав дүрүүдийнхээ талаар орой болгон ярилцдаг байлаа.

-Ер нь Сүлд шиг залуу Монголын нийгэмд хэр олон байгаа бол?

-Байхгүй гэж хэлж чадахгүй. Тэднийг Сүлдээс арай даруухан байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ Сүлд бол аав ээжийнхээ үгэнд ордог залуу. Харин одоогийн залуус зугаа, цэнгэл их хөөдөг болжээ.

-Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Миний үгийг авах хүн байхгүй л дээ. Гэхдээ аав ээжид нь хүүхдээ цэрэгт явуулаад үзээч ээ гэж хэлмээр байна. Сүлдийн дүр яваандаа засарч байгаа. Үүнийг уран сайхны аргаар засаад байгаа юм биш л дээ. Эрчүүдийн дунд орсон хүн үнэхээр өөрийнхөө талаар дүгнэхээс өөр аргагүй болдог юм билээ.

-Гадуур явж байхад хүмүүс яаж хүлээж авч байх юм?
-Саяхан би Хөвсгөл аймгаар яваад ирлээ. Хүмүүс их сайхан хүлээж авсан байна. Одоо яах вэ гээд бараг надаар яриулчих гээд л байна лээ. Мөн зарим нь миний хажуугаар өнгөрөхдөө ёслох жишээтэй. Энэ мэтчилэн хүмүүс сайхнаар хүлээн авч байгаа юм билээ.

-Цэргийн хоолонд дассан уу?
-Эхлээд надад ус нь таарахгүй байсан. Манай Түвшин их дуртай л даа. Биед сайн гээд л идээд байдаг юм.

-Кинон дээр дэд ахлагч охинд дурладаг. Ер нь цэргийн анги дээр тийм зүйл байдаг юм болов уу?
-Байхгүй гэж би хэлж чадахгүй. Ямар сайндаа л манай киноны уран бүтээлч эмэгтэй тэнд байсан дэд түрүүчид дурласан байсан. Ер нь цэргийн ангид нутаг нутгийн их сайхан залуус цугладаг юм билээ. Манай Дэндэв их хүндэлмээр хүн л дээ. Гурван хүүхдийн аав амьдрал үзсэн хүн. Кинон дээр дээрэлхдэг ч гэсэн амьдрал дээр их хүндэлмээр санагддаг л даа.

-Ээж дүү хоёртойгоо амьдардаг гэсэн. Аавынхаа тухай ярихгүй юу, Сүлд аавдаа их эрхэлдэг шүү дээ?

-Би Биокамбинатад өссөн. Аавыгаа ерөөсөө мэддэггүй. Ээжээсээ асуух гэхээр айгаад болдоггүй юм. Ээж маань төсвийн байгуулагад ажилладаг. Би багаасаа л амьдрал үзэж өссөн дөө. Жимс түүж зардаг байлаа. Зун болохоор хөдөө адуу мал эргүүлээд явдаг байсан. Наймдугаар ангийнхаа хонхны баярыг хөнгөн цагаан цуглуулж, тушаагаад тэмдэглэж байсан. Одоо энэ бүхнийг бодохоор сайхан дурсамжтай санагддаг.

-Хүмүүс таныг их баян гэж ойлгодог байж болох юм?

-Харин тийм ээ. Уншигчдад хандаж хэлмээр байна. Хүмүүсээ намайг Сүлдээр төсөөлөх хэрэггүй л гэж хэлмээр байна. Хааяа дүрээсээ болоод гадуур явахаас санаа зовоод байгаа. (инээв)

-Найз охинтой юу?
-Байхгүй. Одоогоор уран бүтээлээс өөр юманд санаа зовохгүй байна. Хувийн амьдрал маань тэгж байгаад болно биз дээ.

-Кинон дээр хоёр эмэгтэй хүний ялгааг харуулдаг. Танд ямар эмэгтэй таалагддаг вэ?

-Ер нь бол одооны охидын ихэнх нь л мөнгө боддог болсон юм шиг санагддаг. Надад аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг хүнийг байгаагаар нь хайрладаг эмэгтэй таалагддаг.

-“Тусгай салаа” кино гараад дууссаны дараа үзэгчид танай киноноос юуг ойлгоосой гэж хүсч байна вэ?

-Эр цэргийн алба гэдгийг хүмүүс битгий буруугаар ойлгоосой. Эх орон чинь таныг дуудаж байхад заавал очиж хаах ёстой юм шүү гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Мөн цэргийн алба гэдэг сайхан байдаг юм шүү. Эр хүн бүхэн амьдралынхаа нэг жилийг эх орныхоо манаанд өнгөрөөгөөсэй гэж хүсч байна.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Улс төр, эдийн засаг спорт, эх орны мэдээ г.м

Сүүлийн бичлэгүүд

. Интернэт сүлжээ ашиглах
. Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших хичээлvvд
. caterpillar 777D
. Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
. Шүлхийн вакцин пүрэв гаригт ирнэ
. Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
. С.Мияарагчаа кураш бөхийн дэлхийн аваргад тэргүүлэв
. Олон хэлээр ярьдаг хүн илүү чадвартай
. А.Алтанхуяг: Дэндэвийг хүндэлмээр санагддаг
. Анод банкны муу зэрэглэлийн ангилалтай зээлдэгч нарыг нийтэд мэдээллээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. munhkbat
Бичлэг: 9 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax